Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сайжруулна

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг сайжруулна


Эрүүл мэндийн яамны дэргэд Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо ажилладаг. Тус хороо нь эмнэлгийн мэргэжилтнийг ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, орон нутаг болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороог удирдлага арга зүйгээр хангаж ажиллах үндсэн чиг үүрэгтэй.

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо нь лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага болон орон нутгийн эрүүл мэндийн газар, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дэргэд ажиллаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ёс зүйн зөрчил гаргахаас сэргийлэх, соён гэгээрүүлэх, иргэдээс эмч, эмнэгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагын асуудалтай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, зөрчлийг давтан гаргахаас сэргийлэх арга хэмжээг авч ажилладаг.

 2016 оноос эрүүл мэндийн байгууллагуудад бүтцийн болон орон тооны өөрчлөлт хийгдсэнтэй холбоотойгоор Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дарга, эсхүл нарийн бичгийн дарга өөрчлөгдөн шинэчлэгдсэн байна. Хяналтын хороо нь салбар хорооны нарийн бичгийн дарга болон салбар хорооны даргаар дамжуулан орон нутагт эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг нийт эмнэлгийн мэргэжилтэнд мөрдүүлэх ажлыг зохион байгуулдаг тул шинэ гишүүдийг сургалтад хамруулж, чадавжхуулах хэрэгцээ шаардлага үүсээд байна.

Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж буй Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагын асуудал хөндөгдөн, иргэдийн онооны картаар авсан үнэлгээнд эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр тус сургалтыг ийнхүү өнөөдөр зохион байгуулж байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл