2018 онд Эрүүл мэндийн салбарын хөгжил даатгалын үйлчилгээг боловсронгуй болгоно

2018 онд Эрүүл мэндийн салбарын хөгжил даатгалын үйлчилгээг боловсронгуй болгоно


“ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫГ-ИРГЭН БҮРТ”- 2018 Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2 дугаар сарын 8, 9 -ны өдрүүдэд болж,  Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Олон улсын байгууллагын төлөөллүүд 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, 2018 онд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөө, түлхүү анхаарч ажиллах чиглэлийн талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.

Зөвлөгөөнийг хааж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  хэлэхдээ, Өнгөрсөн онд хүн амын эрүүл мэндийг дэмжин, хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, олсон ололт, алдаа дутагдал, энэ онд хэрэгжүүлэх бодлого төлөвлөгөөнийхөө талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцон тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. 2018 онд бид хамтдаа “Эрүүл мэндийн даатгалыг-иргэн бүрт” уриа дэвшүүлэн ажиллана. Энэхүү уриа нь Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, бусад баримт бичиг, тэр дундаа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдаж байгаа юм. Ингэхдээ хүн амын эрүүл мэндийг хамгаалахад хувь хүн төдийгүй бусад салбарын оролцоо хамтын ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, үйл ажиллагаагаа уялдуулж байж бид үр дүнд хүрнэ. Энэ зөвлөмжийг ДЭМБ улс орнуудад хандан өгч байгаа. Нийгмийн эрүүл мэндийн асуудал зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал бус бүх нийтийн хэрэг боллоо. Тиймээс орон нутгийн засаг захиргаа, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийт,дэлхийн хамтын нийгэмлэг, олон улсын байгууллагатай хамтран ажиллахад манлайлалтай оролцохыг та бүхэндээ уриалж байна. Цөөнгүй аймаг, орон нутагт энэхүү ажиллагаа биеллээ олж байгааг хэлэхэд таатай байна.

Түүнчлэн тэрээр эрүүл мэндийн талаарх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын чиглэлээр, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, хамтран ажилласан салбарын удирдлагууд болон олон улсын байгууллагын хамт олонд талархал дэвшүүллээ.

Зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн байгууллагуудыг 2017 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнгээр байр эзлүүлсэн ба Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдээс нэгдүгээр байрыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 91,1 хувиар, хоёрдугаар байрыг, Улсын гуравдугаар төв эмнэлэг 90,3  хувиар гуравдугаар байрыг Улсын нэгдүгээр төв эмнэлэг 87,8  хувиар тус тус эзэллээ. Харин Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудын нэгдсэн дүнгээр Дархан-уул  аймаг 97,1 хувиар нэгдүгээр байр, Орхон аймаг 94,6 хувиар хоёрдугаар байр, Дундговь аймаг 84,7 хувиар гуравдугаар байрыг тус тус эзлээд байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл