Танайхан өглөө бүр гүйдэг, манайхан өдөржингөө суудаг. Танайх ус уудаг, манайх архи ууж, мах иддэг

Танайхан өглөө бүр гүйдэг, манайхан өдөржингөө суудаг. Танайх ус уудаг, манайх архи ууж, мах иддэг


ДЭМБ, ЭМЯ-хамтран 2018 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй нийт сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт:  хэнд ч , хаана ч” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарласан. Уг уралдаанд нийтлэлийн төрлөөр дэд байр эзэлсэн Өдрийн сонины сэтгүүлч Д.Гансаруулын Танайхан өглөө бүр гүйдэг, манайхан өдөржингөө суудаг. Танайх ус уудаг, манайх архи ууж, мах иддэг нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Гүйлтийн зам, цэвэр ус, даатгал, пүүз, шүдний эмнэлэг, хөгжим, тайвшруулах эм, нуур, эмч, тамирын багш, мөнгө гэсэн үгнүүдээс “Эрүүл мэнд” гэдэг үгтэй хамааралтай үгсийг сонгоно уу гэсэн судалгааг АНУ-ын нэгэн хотод явуулжээ. Тус хотын иргэд “Пүүз, хөгжим, нуур, цэвэр ус” гэсэн дөрвөн үгийг хамгийн их сонгосон байжээ. Харин энэ судалгааг тус хотын эмнэлэгт явуулахад өвчтөнүүд “Мөнгө, эмч, тайвшруулах эм” гэсэн дарааллаар үгсийг сонгосон байна.

Эмнэлэгт хэвтээгүй, ажил төрлөө хийгээд, хичээл номдоо шамдан суралцаж буй хэсгийнхэн пүүз өмсөөд, чихэвчээ зүүгээд нуурын хөвөөгөөр алхаж, цэвэр усыг ихээр уудгаа эрүүл мэндтэй холбосон нь харагдана. Тэд өөрсдийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж эрүүл байхын тулд өглөө бүр гүйдгээ энэ судалгаагаар харуулж байгаа юм.

Бүх нийтээрээ эрүүл болох, бүх хүнийг эрүүл болгохын төлөө төрөөс, салбарын яамнаас хичнээн мянган ажил зохиож хууль тогтоомж гаргаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүллээ ч эцсийн цэг нь болох иргэд, хувь хүн нь эрүүл байхын тулд, эрүүлжихийн тулд чигчий хуруугаа ч хөдөлгөдөггүй бол Улаанбаатар хотод Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ыг тэр чигээр нь нүүлгэж ирлээ ч нэмэргүй.

Монголчууд нүүдлийн мал аж ахуйтай, малаа дагасан амьдралын олон зуун жилийн дадалтай. 1928 оноос нэгдэлжих хөдөлгөөн улс орон даяар өрнөж тархай бутархай, уулын мухар, өвсний шим, усны тунгалгийг даган нүүдэллэдэг байсан монголчууд суурин соёл иргэншил рүү ойртсон гэж хэлж болно. 1932 оноос нэгдэлжих хөдөлгөөнийг эсэргүүцэж бөөн юм болж болж 1950-иад оноос малчин ардын сэтгэл сая нэг номхорч нэгдэлжих хөдөлгөөнд дуртай дургүй орж эхэлсэн гэж үздэг. Нэгдэл, бригад, баг, ферм гэх мэтээр нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарилалтад орж хамтаараа, бүлгээрээ хамтран соёлтой амьдарч эхэлсэн энэ үеэс монголчуудын амьдралын зуршилд өөрчлөлт орж ирсэн. 1966-1976 оны хооронд өрнөсөн Соёлын хувьсгалын ачаар монголчууд өглөө босоод шүдээ оогоор угаадаг, гимнастик хийдэг, аяганы алчуур, хумсны хутга, туужуур зэрэгтэй албан ёсоор танилцаж айл болгонд байвал зохих эд зүйлсийн жагсаалттай болж авсан. Энэ үеэс монголчуудын суурин иргэншил рүү шилжих явц нь хурдасч үүн дээр нь барилгажих хөдөлгөөний үр нөлөө бууж монголчууд дугуй ханатаас дөрвөн ханат руу шилжиж боловсон бүхэнтэй танилцсан. Ингэхээр монголчуудыг суурин иргэншил, суурин соёлд 1970-аад оны эхэн үеэс харьцангуй олноор хөл тавьсан гэвэл зохино. Тавь шахам жил суурин соёлд суралцсан ч монголчуудын сэтгэхүйд өнөөх нүүдэлчин ахуйгаа санагалзсан байдал бат оршсоор байдаг нь бүх нийтээрээ эрүүл байхад ноцтой хохирол учруулдаг.

Хөдөлгөөний хомсдолтой, агаар салхи муутай байшинд өдөржингөө ажилладаг хүмүүс орой нь очоод өөх тостой, шорвог давстай хоолоо идчихээд зурагт харсан болж байгаад унтаад өгнө. Идсэн уусан хүнд хоолыг нь шингээх гэж ходоод гэдэс, элэг, цөс нь шөнөжингөө ажиллаж эзэн нь амарсан юмгүй бүлцгэр нүдтэй, ядарсан хүн өглөө нь ажилдаа ууртай орж ирнэ. Өдрийн цайндаа хэдэн ч зуун хуушуур хайрсныг мэдэхгүй удсан тосонд чанасан хуушуур, пирошкиноос эхлүүлээд тос нь гоожсон хэрчсэн гурилтай цуйван, нийслэл нэртэй маш өндөр илчлэгтэй салат зооглож араас нь өтгөн сүүтэй цай, хар кофе эсвэл элдэв өнгийн ундаа ууна. Завсраар нь бэлэн гоймон хэмээгч хоол дэвтээж иднэ. Энд тэндээс хоол захиална. Нэг бол түргэн хоолны газруудад оочерлоно. Эсвэл огт юм идэхгүй, ажил ажил гэж гүйж харайж яваад орой 17 цагийн үед толгой нь эргээд ходоод нь хоржигнохоор “Өө юм идээгүй байна ш дээ. За за харихын хооронд дэмий. Нэг мөр оройн хоолоо идье” гэнэ. Ингээд орой нь очоод дахиад л өөх тостой хоол ундаа хоолойдоо тултал идчихээд хэвтчихнэ.

Ийм байдлаар жилийн 11 сар явахаар эрчүүд нь гүзээтэй болж, хүүхнүүд нь таргалснаа гайхаж тураадаг гэх тодотголтой янзан бүрийн химийн гаралтай юм идэж ууж, нааж, зарим нь мэс заслын аргаар хавингийнхаа өөхийг соруулдаг. Бүх өвчний суурь нь таргалалт, буруу хооллолт гэдгийг бид сүүлийн хэдэн жил өдөр болгон шахуу сонин хэвлэл, интернэтээс уншиж, зурагтаар сонсч байна.

Зургадугаар сарын сүүлчээс ээлжийн амралтаа аваад амарч байгаа нь энэ гээд хөдөө гадаа гарч гол усны дэргэд очоод майхнаа барьцгаана. Майхныхаа үүдэнд суугаад мах шорлоно, ямаа бооно, хонины хорхог иднэ гээд түлж хайрсан махыг ханатлаа зооглоно. Араас нь айраг, архи ууж шөнөжин дуулалдана. Энэ бол монголчуудын зуны амралтын нийтлэг төрх. Амралт гэдэг үгийг архи заавал дагалдана. Сувилалд очсон нэгнээсээ чемоданы юм гэж шил архи нэхнэ. Амралтаа авсныг чинь тэмдэглэе гэж хамт олноороо наргина.

Хөвсгөл нуурт найзуудаараа, гэр бүлээрээ аяллаар явлаа ч архи дарс болж, гашуун шөлтэй, түлэнхий махтай, тосоор бялхсан хорхог гээчийг заавал идэх ёстой. Дараа нь томчуул нь архидана. Харин маргааш нь элэгнийхээ талыг тайруулсан хэмжээний өвдөлт мэдрэгддэг шарталтандаа тийчигнэж, эвхэрсэн амьтад сүүдэр бараадацгаадаг. Гэтэл монголчуудтай адил зуны амралтаа өнгөрөөж байгаа, Монголыг, Хөвсгөл нуурыг зорин ирдэг жуулчид манайхныг шартаад хэвтэж байхад хажуугаар нь хөнгөн пүүзээ углачихсан, хөгжим чихэндээ сонсчихсон, тааралдсан бүхэнтэйгээ хөгжилтэйгөөр “Hello, Good morning!” хэмээн мэндчилсээр нуурыг эмжээрлэн гүйж харагддаг.

Монголчуудын ажлын тав хоног үнэхээр замбараагүй өрнөдөг. Эмэгтэйчүүд нь жин барьж байна гэж биеэ олон хоног зовоочихоод амралтын хоёр өдөр, баяр ёслолын олон хоногоор дэгээ алдчихдаг. Эрчүүд нь ажил ажил гэж гүйж явсаар фитнесс энэ тэрээ мартана. Тэгээд бямба гаригийн өглөө гэр бүлийнхээ гишүүдийг дагуулаад Богд хан уул руу алхана даа. Аль нэг орой дээр нь гарна. Гэтэл Сингапурын зүрхний нарийн мэргэшсэн эмч Чён Ик “Монголчууд долоо хоног, 14 хоногт нэг удаа Богд хан уул руу алхдаг. Уг уул нь далайн түвшнээс дээш 2268 метр өндөрт өргөгдсөн байдаг. Цэвэр ус уудаггүй, буруу хооллолттой, хөдөлгөөний дутагдалтай хүн гэнэт ийм өндөр рүү авирах нь зүрхийг өвчлүүлдэг. Ингэхийнхээ оронд монголчууд өдөрт багаар бодоход 30 минут алхаад хэвшчихвэл зүйтэй” гэж зөвлөсөн юм.

АНУ-д зарим байгууллагууд ажлаа өглөө 07:00 цаг эхлүүлдэг. 16 цагт ажлаасаа тарсан хүмүүс гэртээ очоод бэлтгэлийн хувцсаа өмсөөд цэцэрлэгт хүрээлэн, талбай, нуур, далайн эргээр гүйцгээдэг. Фитнесс, иогийн клубүүдэд очиж, салхинд алхангаа оройн хоолоо хөнгөхөн идчихдэг.

Хятадын зарим гэлтгүй ихэнх мужид үдийн хоолны дараа ажилчдаа нэг цаг унтуулдаг эртний ёс нь одоо ч бий. Биологийн цагаар 13 цагт хүний элэг амралт нэхдэг учир хүний бие сульдаж ядардаг. Энэ үед хүн амсхийвэл бие нь бүрэн амарч ажлын бүтээмж дээшилдэг. Англичууд ч үүнийг дэмжиж судалгаа хийгээд өдөр 25-30 минут дугхийхэд хүний бие организм өглөө сэрсэн мэт сэргэдэг. Өдөр 30-50 минут унтаад хэвшсэн хүн 3-5 жилээр урт насалж байна гэдгийг ч тогтоочихсон.

Гадны орнуудад ажилчдаа, ард иргэдээ бодсон, эрүүл байлгахын төлөө хийдэг олон л ажил байна. Манай хувьд дугуй унадаг, өглөө гүйдэг, өглөөгүүр бассейнд сэлдэг, ажлынхаа цаг завсаар иог, фитнесст хичээллэдэг ажилчдаа дэмжих нь бага. Яагаад гэвэл нийтээр эдгээрийг цагаа үрсэн, маягтай хүний хийдэг ажил мэтээр ойлгодог учир ажлын цагаас хумсаллаа гэж нүд үзүүрлэх нь олонтаа. Харин ч эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж, хожмоо улс эх орон, эмнэлгийн байгууллагад хүндрэл, дараа учруулахгүйн тулд ингэж өөрийгөө тордож байгаа хүмүүсийг улам ч хөхиүлэн дэмжиж, урамшуулах ёстой л доо. Өглөө, орой замын хажуугаар гүйх бүсгүйчүүдийг машинтай яваа эрчүүл хоргоож өгзөг биеийг нь харж элдвээр өөлдөг. Тэр бүсгүй ямар нэг юмаа гайхуулах гэж биш эрүүл байхын төлөө, эрүүл ээж, эрүүл иргэн байхын тулд ингэж гүйж байгаа гэдгийг ойлгодоггүй.

Бид ямар хээр хөдөө малд явж үүр цүүрээр адуу манах гэж байгаа биш тэр их өөхтэй, илчлэг өндөртэй хоол унд, тос, махыг гулгитал идээд байх шаардлага алга. Нүүдэлчин байхаа болиод суурин соёлд суусан хүмүүсийн гурваас дөрөв дэх үе шүү дээ. Тиймээс одоо тархинаасаа нүүдэлчин ахуйн хоол хүнс, хэв маягийг хаяад суурин, соёлтой нийгмийн иргэний ёсоор хөнгөн, зөв, эрүүл амьдрах ёстой болоод байна.

Бор эсгийгээр хучсан гэрт, ил галтай тулганы дэргэд төө зузаан өөх зажлаад, хуруу зузаан тостой шөлөө үлээх дундад зууны улаан нүдэт нүүдэлчин шиг л байна шүү дээ бид, XXI зууны монголчууд байж. Бас болоогүй ээ тэгж суухдаа дэргэдээ IPhone утас тавьчихсан. Бидний өмсч зүүх юм орчин үеийнх ч гэлээ идэж уудгаас эхлүүлээд биедээ анхаардаггүйг нь харахаар яалт ч үгүй өнөө л нүүдэлчнээрээ. Хэзээ болтол бид ингэж хүн төрөлхтнөөс зөрүүдэлж “Бид Монгол, талын Монгол, Чингисийн үр удам, бид бол нүүдэлчид” гэж хашгирах юм бэ. “Рашаантын-18” кинон дээр “Танайх Рашаантад амьдардаг, Манайх Далан давхарт амьдардаг. Танайх нүүрс түлдэг. Манайх бапрышик түлдэг” гэдэг шиг “Танайхан өглөө бүр гүйдэг, манайхан өдөржингөө суудаг. Танайх ус уудаг, манайх архи ууж, мах иддэг” гэсэн шиг юунд ингэж алмайрнам бэ. Бүх нийтээрээ эрүүл байх, бүх нийтийг эрүүл байлгах нь төр засгийн үүрэг ч гэлээ хамгийн гол нь иргэн танаас эхтэй.

Аа, нээрээ “Пүүз, хөгжим, нуур, цэвэр ус” шүү. Харин таны сонголт?

Д.ГАНСАРУУЛ

Холбоотой мэдээ, мэдээлэл