Slide background Цусны донорын дэлхийн өдрийг 15 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа

Slide background Цусны донорын дэлхийн өдрийг 15 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа


ДЭМБ-аас жил бүрийн 6 сарын 14-ний өдрийг Цусны донорын Дэлхийн өдөр болгон 2004 оноос эхлэн тэмдэглэх болсон билээ. Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилготой уг өдрийг Монгол Улс 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жилийн Цусны донорын Дэлхийн өдрийг ЭМЯ, ЦССҮТ, МУЗН-ээс хамтран “Бусдын төлөө цусаа өгч, амьдрал бэлэглэе“ уриан дор Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 150-иас дээш цусаа өгсөн Алтан донор 5, 100-150 удаа цусаа өгсөн Мөнгөн донор 20, 70-100 удаа цусаа өгсөн Хүрэл донор 63 төрөөд байна. Харин 2018 онд улсын хэмжээнд 35-аас дээш удаа цусаа бэлэглэсэн Хүндэт донор 100 гаруй төрснөөс 62 нь нийслэлээс тодорлоо. Тэдгээрээс хамгийн залуу Хүндэт донороор О.Ганбаяр, хамгийн олон өгөлтэй Хүндэт донороор З.Баяртсайхан нарыг зарлан алдаршуулав.

Мөн энэхүү өдрийн хүрээнд ЦССҮТ-ийн захирал донор Н.Эрдэнэбаярыг 20 удаа цусаа бэлэглэснийг нь үнэлж “Бахархал-20” тэмдгээр шагнаж урамшуулав.
2016 онд Монгол Улсын хэмжээнд нийт 32966 донор цусаа бэлэглэсэн бол 2017 онд 33407 болж өссөн юм. Цусны нөөцийн хувьд 2018 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар өмнөх оны мөн үеэс 36.1 хувиар нэмэгджээ. Энэ ганцхан жишээ цусаа бэлэглэх иргэдийн тоо жилээс жилд өсч байгааг харуулж байна. ЦССҮТ олон улсын жишигт нийцсэн цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, 15 шинэ технологийг нэвтрүүлэн нутагшуулж байгаа бөгөөд 22 нэр төрлийн цус, цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн эмнэлгүүдийг ханган ажиллаж байна.
Цусны донорын дэлхийн өдрийн хүрээнд байгууллага хамт олноороо донорын эгнээнд нэгдсэн ШУТИС, Зэвсэгт хүчний 013-р анги болон Бурханы сүмийг “Донор хамт олон”-оор өргөмжилсөн бол цусны донорын үйлсийг сурталчлагч шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар МҮОНРТ, www.zaluu.com тус тус шалгарлаа.
Энэ удаагийн үйл ажиллагаанд JCI капитал, “Талх Чихэр” ХК, “Витафит” групп, DXN компани, Юнител групп, Худалдаа хөгжлийн банк зэрэг олон байгууллага дэмжин хамтран ажиллав.  Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Холбоотой мэдээ, мэдээлэл