Тусламж үйлчилгээг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллаж байна

Тусламж үйлчилгээг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллаж байна


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Японы Эрүүл мэнд, нийгмийн халамжийн олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дарга Күнинори Такаги тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд ноён Кунинори Такаги өөрийн сургуулийн үйл ажиллагааны талаар болон тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын талаар товч танилцуулахын зэрэгцээ өөрийн сургуулийн тэтгэлгээр жил бүр 10 монгол оюутнуудыг сувилахуй, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, хэл, сонсгол, хараа зүй, эм зүй зэрэг 9 мэргэжлийн чиглэлээр 5 жилийн хугацаанд хүлээн авч, суралцуулах санамж бичигт гарын үсэг зурсан болохоо мэдэгдлээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон Улсын Токио хотноо өнгөрсөн 4 дүгээр сард зохион байгуулагдсан Өвчтөний аюулгүй байдлын асуудлаархи Дэлхийн сайд нарын 3 дугаар чуулга уулзалтад оролцох үеэрээ ноён Такаги-тай уулзаж, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар харилцан ярилцаж, санал солилцож байсныг дурьдаад Япон Улсаас үзүүлж буй тусламж дэмжлэг, техникийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүд нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шилдэг тэргүүн туршлагаас суралцахад дорвитой хувь нэмэр оруулж байгааг дахин онцлон хэллээ.

Уулзалтын үеэр талууд хэд хэдэн асуудлаар харилцан ярилцаж, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нь сайд Д.Сарангэрэл талархал илэрхийлж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ЭМЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаа мэдэгдлээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл