Сургалт, дадлагад 60 гаруй төлөөлөгч оролцлоо

Сургалт, дадлагад 60 гаруй төлөөлөгч оролцлоо


ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй  “Уул уурхайн салбарт ашиглагдаж буй химийн хорт бодисын ослын үеийн менежментийг боловсронгуй болгох, оролцогч талуудын  чадавхыг бэхжүүлэх”  сэдэвт сургалт, дадлага өнөөдөр ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төвд эхэллээ.

Сургалт, дадлагад ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, ЭМЯ, УУХҮЯ, БОАЖЯ, ДЭМБ, ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, МХЕГ, ГЕГ, НЭМҮТ, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги болон Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн ОБГ, ЭМГ, МХГ-ын нийт 60 гаруй төлөөлөгч оролцож байна.
Нээлтийн ажиллагаанд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Д.Нарантуяа, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай нар оролцлоо.

Сургалт, дадлагын эхний өдөр буюу өнөөдөр Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ш.Паламдорж “Уул уурхайн салбарт ашиглагдаж буй химийн бодисоос үзүүлэх сөрөг нөлөөг багасгах нь Монголын нийгэмд тулгамдаж буй стратегийн асуудал болох нь” сэдвээр, доктор Б.Баяржаргал “Химийн хорт болон аюултай бодисын гамшгийн менежментийн асуудал” сэдвээр, ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн, ахмад, доктор П.Чимэдцэрэн “Химийн бодисын эрсдэлд суурилсан менежмент, ослын үеийн удирдлагын үйл ажиллагаанд цахим программ хангамжийг ашиглах” сэдвээр илтгэл тавих юм.

Мөн хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Баярмаа  “Химийн хорт болон аюултай бодисоос хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх эрсдэл, урьдчилан сэргийлэх, бууруулах арга зам” сэдвээр, Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ажиллагаа хариуцсан захирагчийн орлогч, хурандаа Г.Буянтогтох “Химийн хорт бодисын холбогдолтой ослын үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт ба оролцогч талуудын харилцан ажиллагаа” сэдвээр, Анагаах ухааны доктор, профессор С.Юндэн “Уурхай, уулын үйлдвэрлэлийн ослын үед үзүүлэх эмнэлгийн тусламжийн зарчим” сэдвээр, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн ерөнхий инженер, хошууч С.Батзориг “Нийтийг хамарсан химийн ослын үед цагийн байдлыг үнэлэх, тооцооллыг хийх” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
.

Холбоотой мэдээ, мэдээлэл