Дархан-Уул аймагт Солонгосын Raphello байгууллагын сургалт зохион байгуулагдлаа

Дархан-Уул аймагт Солонгосын Raphello байгууллагын сургалт зохион байгуулагдлаа


ЭМХТ, Солонгосын үндэсний их сургууль, Raphello олон улсын байгууллагатай хамтран Дархан–Уул аймагт эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах төслийг 2015-2017 онуудад хэрэгжүүлэх юм.

Төслийн үйл ажиллагаа эмнэл зүй, хүний нөөцийн гэсэн 2 чиглэлээр хэрэгжиж байгаа ба эмнэл зүйн чиглэлээр Гастроэнтерологи, Яаралтай тусламжийн сургалтыг 6 сард зохион байгуулсан. Энэ удаа хүүхэд, нярай, эх барих эмэгтэйчүүдийн эмнэлзүйн сургалт, хүний нөөцийн менежмент, эмнэлгийн эмч ажиллагсдын ёс зүй, эрүүл мэндийн чанарын удирдлага, аргууд сэдвүүдээр сургалт зохион байгуулагдаж 170 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.

Төслийн онцлог нь Дархан-Уул аймгаас эмнэл зүйн чиглэлээр 9, хүний нөөцийн 19 сургагч багшийг бэлтгэж, АШУҮИС, ЭХЭМҮТ, УГНЭ зэрэг байгууллагууд болон Солонгосын эмч, багш нартай хамтран сургалтыг зохион байгуулж байгаа явдал юм. Чанар, ёс зүйн сургагч багшаар Солонгосын Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн Профессор Иво Квон, Сөулын үндэсний их сургуулийн эмнэлгийн чанарын албаны дарга профессор Ким Моон Соок, хүний нөөцийн менежментээр Солонгосын Үндэсний их сургуулийн багш Жи Ёонг Сюук нар ажилласан бол хүүхдийн эмнэл зүйн сургагч багшаар ЭХЭМҮТ-ийн нярайн эмч Д.Эрдэнэцэцэг, Б.Баясгалантай, АШУҮИС-ийн багш Ч.Эрдэнэцэцэг, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч О.Болорэрдэнэ, эх барих эмэгтэйчүүдийн эмнэл зүйн сургагч багшаар Клиникийн нэгдүгээр Амаржих газрын эмч Ж.Алимаа, ЭХЭМҮТ-ийн эмч Т.Сарантуяа, АШУҮИС-ийн багш Ж.Энхцэцэг, Дархан-Уул аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн С.Ариунаа нар ажиллав.

 

Хүний нөөцийн менежментийн сургалтын үр дүнд Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн жишиг тогтолцоог бүрдүүлэх ба сургалтанд оролцогчид ажил үүрэг, албан тушаал, шагнал урамшуулал, ур чадварын үнэлгээ, Карьерын бодлого, чадавхижуулах сургалт зэрэг сэдвүүдээр суралцаж, орчин үеийн дэлхийн чиг хандлагын дагуу хүний нөөцийг хөгжүүлэх арга зүйг эзэмших юм. Төслийн багийнхан сургалтыг зохион байгуулахад шаардлагатай эмнэлзүйн сургалтын гарын авлага материалаар хангаж, дадлагажих сургалтын муляжи, хэрэглэгдэхүүн зэрэг сургалтын орчинг бүрдүүлсэн ба зарим сургалтын хэрэглэгдэхүүнээр дэмжлэг үзүүлэв.Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхижуулах төсөл нь 2015 онд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэрэгжисэн бол 2016 оноос Сум, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад үргэлжлэн хэрэгжих болно. 

Холбоотой мэдээ, мэдээлэл