Нөхөн сэргээх тусламж үйлчилгээ 2030 чуулга уулзалт болж байна

Нөхөн сэргээх тусламж үйлчилгээ 2030 чуулга уулзалт болж байна


Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зохион байгуулж байгаа “Нөхөн сэргээх тусламж үйлчилгээ 2030” Дэлхийн II дахь удаагийн чуулга уулзалт Щвейцарын Холбооны Улсын Женев хотноо өнөөдөр эхэллээ.
2017 оны 2 сард ДЭМБ, түүний гишүүн улсууд, Олон улсын бусад байгууллага болон мэргэжлийн салбар холбоодууд оролцсон “Нөхөн сэргээх тусламж үйлчилгээ 2030” сэдэвт Анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулсан ба уг уулзалтаас Нөхөн сэргээх тусламж үйлчилгээг эрүүл мэндийн тогтолцооны салшгүй хэсэг болохыг хүлээн зөвшөөрч, улс орнуудын Нөхөн сэргээх тусламж үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх амлалт үүргийг хүлээлгэсэн байна.
Түүнээс хойш 2 жилийн дараа дээрх чуулга уулзалтын мөрөөр улс орнуудад хийгдсэн үйл ажиллагааны талаар сонсож, цаашид нөхөн сэргээх тусламж үйлчилгээг хөгжүүлэн бэхжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгох зорилготойгоор энэхүү 2 дахь удаагийн чуулга уулзалт зохион байгуулагдаж байгаа юм.

Манай Улсын хувьд 2016 онд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг шинээр батлуулахдаа Нөхөн сэргээх тусламж үйлчилгээг хуульчилсан ба тэрчлэн Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай зэрэг үндэсний хууль тогтоомжид эл тусламж үйлчилгээний зохион байгуулалт, санхүүжилт зэргийг тогтоож өгсөн билээ. Мөн ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн хорооны 2018 оны чуулганаас “Номхон Далайн Бүсийн Нөхөн Сэргээх Тусламж Үйлчилгээний Хүрээ” баримт бичгийг баталсан ба уг баримт бичгийн хүрээнд манай улсын нөхөн сэргээх тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийлгэх ажил хийгдэж байгаа юм. Уг үнэлгээний ажлын хүрээнд нөхөн сэргээх үйлчилгээний засаглал, хууль эрхзүйн орчин, эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо, санхүүжилт, хүний нөөц болон эрүүл мэндийн технологи гэсэн 5 үндсэн бүрэлдэхүүн хэсгээр үнэлгээ хийгдэж байгаа ба үнэлгээний үндсэн дээр Бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах зорилтын хүрээнд Нөхөн сэргээх тусламж үйлчилгээг Анхан шатны тусламж үйлчилгээний багцад хамруулах, улмаар тусламж үйлчилгээний бүх шатлалд чанартай тусламжийг хүртээмжтэйгээр үзүүлэхэд шаардлагатай хүний, санхүүгийн, технологийн хэрэгцээ шаардлага, нөөцөө тодорхойлж авах зорилготой юм.
Чуулга уулзалтад Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа нар оролцож байгаа ба Чуулга уулзалтыг даргалж байгаа ДЭМБ-ын Халдварт болон Халдварт бус өвчний асуудал эрхэлсэн Орлогч ерөнхий захирал Др. Рен Мингхуй-тай уулзаж Монгол Улсын Засгийн Газраас нөхөн сэргээх тусламж үйлчилгээг бэхжүүлэх талаар 2018 оноос хойш хэрэгжүүлж байгаа зарим үйл ажиллагааны талаар танилцаж ярилцав.
Чуулга уулзалт 8-9-ний өдрүүдэд болох ба чуулганы 2 дахь өдөр “Нөхөн сэргээх тусламж үйлчилгээг бэхжүүлэх арга хэмжээ”-нүүдийг тодорхойлж улс орнууд энэ чиглэлээр өөрийн үндэсний түвшинд үйл ажиллагаа хэрэгжүүлж амлалт авах юм.  
 

Холбоотой мэдээ, мэдээлэл