Алслагдсан нутагт ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчид айдас хүйдэстэй ажил үүргээ гүйцэтгэж байна

Алслагдсан нутагт ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчид айдас хүйдэстэй ажил үүргээ гүйцэтгэж байна


Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжээд байгаа энэ үед хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зүрх сэтгэлээ зориулан, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж буй эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид өнөөдөр айдас хүйдэс дунд ажил үүргээ гүйцэтгэж байна.
“Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЭМТ-д ажил үүргээ гүйцэтгэж байсан жижүүр эмч, жижүүрийн сувилагч нар энэ сарын 12-ны орой 22 цагийн орчимд ажлын байран дээрээ халдлагад өртөж, хүнд гэмтсэн тухай мэдээллийг олон нийтийн сүлжээгээр янз бүрээр тайлбарлан түгээж байна. Тиймээс бодит мэдээллийг эх сурвалжийн зөвшөөрөлтэйгээр хүргэхийг зорьлоо.
2020 оны 2-р сарын 12-ны өдөр Ерөө сумын ЭМТөв ачаалал ихтэй ажиллаж байсан байна. Тус сумын тухайд ард иргэдийн дунд улирлын томуугаас гадна хатгаа өвчнөөр өвчлөх тохиолдол их байгаа аж. Иймээс тус сумын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд ачаалал ихтэй энэ үед уртасгасан цагаар ажиллаж, иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байжээ. Гэтэл энэ үеэр сэтгэл түгшээсэн хэрэг явдал гарсан нь тухайн өдрийн 22.00 цагийн орчимд гарсан эл хэрэг юм. Ерөө сумын харъяат иргэн “Ж” архи ууж согтуурсан үедээ сумын Эрүүл мэндийн төвийн их эмч “Э”, сувилагч “Б” нарыг ажлын байран дээр нь хутгалж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан.
Хэрэг гарах үед их эмч “Э” ажил тарсаны дараа, уртасгасан цагаар тодруулбал 18-23 цаг хүртэл ажиллах хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байсан. Гэмт хэрэгтэн “Ж” ирж, тамхи асаах гал асуусан байна. Түүнийг гал өгөх зуур өөдөөс нь хүйтэн мэсээр хэвлийн тус газарт нь хутгалж, гүн шарх үүсгэжээ. Хохирогч “Э” тэндээс амь өрсөн зугтаж, даргынхаа гэрт ороод, болсон явдлын талаар хальтхан дуулган ухаан алдсан байдаг. Яг энэ үед ЭМТ-д жижүүрийн ажилтай байсан сувилагч “Б” мөн л харгис хэрцгий авирласан нөхөр болох “Ж”-гийн гарт хүндээр гэмтэж, цус алдаж байна гэх мэдээлэл ирлээ.
  Хариуцлагагүй нэгэн иргэний хийсэн алдааны улмаас үүссэн эрсдэлтэй мөчид Ерөө сумын ЭМТ-ийн Э.Нинжбадам даргатай хамт олон анхны тусламж үйлчилгээг шуурхай хүргэж, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт мэдээллийг цаг алдалгүй дамжуулснаар шуурхай баг томилогдон, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах зэрэгтэй, зөвлөх эмч Б.Ганболдоор ахлуулсан нарийн мэргэжлийн дөрвөн их эмч, хоёр сувилагч нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг тус сум руу явж бүтэн шөнийн турш хохирогч “Э”-ийн хэвлийн хөндийд үүссэн хүнд гэмтлүүдийг нөхөх, мөн хохирогч “Б”-ийн цээжний хөндийн буюу уушгинд үүссэн гэмтэлд гуурс тавих хагалгааг шуурхай гүйцэтгэж амь насыг нь аварч улмаар хоёрдугаар сарын 13-нд Улаанбаатар хот дахь ГССҮТ-д шилжүүлж эрүүл мэндийг нь хяналтанд аваад байна.
  Үүсэн нөхцөл байдалд Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга шуурхай арга хэмжээ авч мэргэжлийн баг томилон ажиллуулснаар иргэдийн амь насыг аварч амьжсан байна. Хүнд хэцүү нөхцөлд мэргэжлийн ур чадвар гаргаж, авхаалж самбаагаа дайчлан ажилласан Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн ахлах зэрэгтэй, зөвлөх эмч Б.Ганболд, мөн Нэгдсэн хагалгаа, Яаралтай тусламж, Эрчимт эмчилгээ. Гeмодиализын тасгийн эрхлэгч, клиникийн профeссор О.Ганзориг, Мэс заслын тасгийн Гэмтлийн эмч Б.Баянбаатар, Эрчимт эмчилгээ, сэхээний тасгийн эмч С.Уранчимэг болон Мэдээгүйжүүлгийн сувилагч О.Энхжаргал, Хагалгааны сувилагч Д.Болортуяа, аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн С.Азжаргалаар ахлуулсан зөөврийн рентгэний баг хамт олонд Ерөө сумын Эрүүл мэндийн төв, гэр бүл, ах дүү, нутгийн ард иргэд талархал дэвшүүлжээ.
ЖИЧ: Өнөөдөр ажил үүргээ гүйцэтгэж байсан эмч, сувилагч нарын тухайд... эмч “Э” нь өнгөрсөн 2019 онд анагаахын их сургуулийг их эмч мэргэжлээр төгсч улмаар ажлын анхны гараагаа хөдөө орон нутгаас эхлүүлэхээр баяр хөөртэйгөөр Ерөө нутагт томилогдон ажиллаж байсан залуу боловсон хүчин юм. Харин сувилагч “Б”-гийн хувьд Ерөө сумын ЭМТ-д сувилагч мэргэжлээр 23 дахь жилдээ ажиллаж байгаа.
Ер нь гэмт хэрэг үйлдэгч “Ж” өмнө нь олон удаа эхнэр “Б”-г жижүүртэй байх үел нь согтуугаар ирж айлган сүрдүүлж, агсам тавьдаг байсан нь өнөөдөр ийнхүү тус эмнэлэгт ажиллаж буй ажилтан албан хаагчдыг айдаст автахад хүргээд байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл