Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хүргэж байна 2020.02.21

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хүргэж байна 2020.02.21


Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хүргэж байна. Дэлхийн зарим улс оронд гараад байгаа COVID-19 халдварын нөхцөл байдал болон манай улсад урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө. Мэдээллийг  ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЦЕГ-ын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбат, ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа нар өгөв. 
Ухань хотод COVID-19 халдвар авсан 201 хүн эдгэсэн сайхан мэдээтэй байна. Гэхдээ монголчуудын хамгийн их зорчдог Сингапур, Өмнөд Солонгос улсад өвчлөл эрс нэмэгдэж байна. 24 цагийн дотор 50 гаруй тохиолдлоор нэмэгдэн халдвар авсан хүний тоо 158 тохиолдол Дэгү, Чежү зэрэг дөрвөн том хот зургаан мужид илрээд байна. Хотуудын захиргаанаас олон нийтийн дунд амны хаалттай явах, гараа савандаж угаах, махан бүтээгдэхүүнийг сайн болгож идэх, амьсгалын замын өвчтэй хүнээс хол байх, өвчний шинж тэмдэг илэрвэл маскаа зүүгээд эмнэлэгт хандах хэрэгтэй гэсэн байна зөвлөгөөг өгч байгаа. Тус улсад манай улсын 48 мянган иргэн бүртгэлтэй байдаг. Тиймээс өгч байгаа зөвлөгөөг сайтар мөрдөн халдвар авахаас сэрэмжлэхийг сануулж байна. Зөвлөгөө авахыг хүсвэл Монголын 323002 дугаарын 24 цагийн жижүүртэй холбогдох боломжтой. Харин Өмнөд Солонгост 13391335 гэсэн дугаараар зөвлөгөө өгч байгаа.
Хоёрдугаар сарын 19-нд  ХӨСҮТ-д тусгаарлагдсан Улаанбаатар, Завхан аймгийн сэжигтэй хоёр тохиолдлын  лабораторийн шинжилгээний хариу сөрөг гарлаа. Мөн өчигдрийн Бусан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-ийн ажиглалтад авсан. Эдгээр оюутнуудын сурдаг сургуульд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн, мөн өвлийн амралт болсон учраас захиргаанаас нь "Дуудсан цагт нь ирээрэй" гээд амраасан байна. Амраад эх орондоо ирж байгаа оюутнуудад амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрээгүй хэдий ч өвчлөл гарсан улсаас ирж байгаа гэдэг утгаар нь ажиглалтад авч, шинжилгээ хийж байна.
Онцгой комиссын шийдвэрээр хоёрдугаар сарын 23-ны өдрийн 08.00 цагаас 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл хот, хоорондын зорчигч тээврийг зогсоохоор болсон. Тэгэхээр хотоос гарах, орох  51 хэсэгт хяналт тавина. Ойрын өдрүүдэд цасан шуургатай байгаа учраас хулгайн замаар зорчиж, эрүүл мэнд амь насандаа эрсдэл учруулахгүй байхыг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна. Цагаан сараар айл бүр гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж чадвал аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Тиймээс айлд зочлохгүй байхыг сануулж байна. 
  
 

Холбоотой мэдээ, мэдээлэл