Дархан-Уул аймагт “Эх хүүхэд, нярайн эрүүл мэнд” сэдэвт аймгийн зөвлөгөөн зохион байгуулав

Дархан-Уул аймагт “Эх хүүхэд, нярайн эрүүл мэнд” сэдэвт аймгийн зөвлөгөөн зохион байгуулав


Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал нь улс орны нийгэм, эдийн засаг, анагаах ухааны хөгжил, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн илэрхийлэл ба Монгол Улсын Засгийн Газрын нэн чухал асуудал болсоор ирсэн. Мянганы хөгжлийн зорилтын 4.5 нь эх, хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал байдаг. Өдөр бүр дэлхийн аль нэг өнцөгт 800 эх,7700 нярай хүүхэд,  жирэмслэлт, төрөлт, төрсний дараах хүндрэлийн улмаас нас барж, 7300 эмэгтэй амьгүй хүүхэд төрүүлдэг ажээ.  Дархан-Уул аймгийн хэмжээнд 2015 оны эхний 9 сарын статистик  үзүүлэлтээр амьгүй төрсөн хүүхэд 7 ба 3.5 хувь, нярайн эндэгдэл 21 буюу 10.4 промил байгаа нь урьд оны үзүүлэлтээс 6.7 промилоор, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 25 буюу 12.4 промил ба  урьд оноос 5.5 промилоор, 0-5 хүртэл насны хүүхдийн эндэгдэл 30 буюу 14.9 промил ба урьд оноос 7.0 промилоор тус тус өссөн үзүүлэлттэй байгаа боловч улсын дундаж үзүүлэлтээс доогуур байгаа юм. Иймд эх, хүүхэд, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, цаашид төрийн ба төрийн бус байгууллага, ард иргэд, нийгмийн оролцоог нэмэгдүүлж, эх, хүүхдийн өмнө хүлээх хамтын хариуцлагыг өндөржүүлэх талаар  хэлэлцэхээр зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.


Зөвлөгөөнд   33  байгууллагын 70 төлөөлөл оролцсон ба Аймгийн засаг дарга А. Энхболд, Иргэдийн хурлын дарга П.Эрдэнэбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгалагтамир нар эх, хүүхдийн тусламж үйлчилгээний ололт, амжилтыг үнэлж,  эмч, мэргэжилтнүүдэд амжилт хүсч талархалын үг хэлэв.  Мөн эх, хүүхэд, нярай, өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний  өнөөгийн байдал, цаашдын зорилт, хүүхдэд тавих эцэг эхчүүдийн анхаарал халамж, тэдний эрүүл мэндийн боловсролын тухай аймгийн болон улс, дэлхийн түвшиний тоо баримт, мэдээлэл дээр тулгуурласан илтгэлүүд тавигдсан.  Зөвлөгөөний чухал хэсэг болох  эх, хүүхэд нярайн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлох хэлэлцүүлэгийг бүлгээр хийж,   олон үнэтэй санаануудыг гаргав. Хэлэлцүүлэгийг   Дархан-Уул аймагт хэрэгжиж байгаа Солонгосын Raphello International  байгууллагын   оролцооны аргаар хийсэн нь зөвлөгөөнд оролцсон бүх хүний санааг авч цаашдын үйл ажиллагааны төлөвлөлтөнд тусгахад ач холбогдолтой  үйл ажиллагаа  болов.
Зөвлөгөөнд оролцогчдын сэтгэл ханамж 96.9% байсан ба зөвлөгөөнийг зохион байгуулсан ажлын багийнхан Эх хүүхэд, нярайн эрүүл  мэндийн талаар аймгийн төрийн ба төрийн бус байгууллагууд, иргэд, эцэг эхчүүд, хүүхдүүдэд хандсан Аймгийн засаг даргын Албан даалгавар гаргуулахаар төслийг боловсруулж эхэллээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл