“Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа

“Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, ЭМЯ-тай хамтран  “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт ЭМЯ-ны удирдлагын баг, мэргэжилтнүүд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн тогтолцооны зохицуулагч Моника Дриу Фонг,  Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүд, дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар болон орон нутгийн эрүүл мэндийн газрын удирдлага нар оролцлоо.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг үг хэлэхдээ бид эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд бодлогоор дэмжих, хамтран ажиллах зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна хэмээн онцлов.

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан илтгэлдээ “Монгол улсын Засгийн газраас анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахад онцгой анхаарч, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүүтэйгээр хөгжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг ялангуяа Артерийн гипертензия, чихрийн шижин, умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлэг, хянах, шилжүүлэх, эргэн дуудах тогтолцоог бүрэн хэрэгжүүлнэ. 

Мөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзлэг, анхан шатны маягтуудыг бүрэн цахимжуулах, дархлаажуулалтын хамралт, бүртгэлтэй бүх эмийг цахим жороор бичих,  төрөлт, нас баралтын бүртгэлийг нэгдсэн програм хангамжтай болгоно. Мобайл технологийг улсын хэмжээний бүх өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд бүрэн хэрэгжүүлнэ. Мөн ЭМАШТҮ-г нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцтай уялдуулан төлөвлөж, үйлчилгээний  нэр төрлийн бодит өртгийг тооцож, ажлын үр дүнгээр санхүүжүүлнэ. Түүнчлэн ӨЭМТ, СЭМТ-ийн хүний нөөцийг чадавхжуулах хүний нөөцийн хөгжлийг дэмжих ажлууд үе шаттай хийгдэж эхэлж байна” хэмээн онцлов. 

Энэ үеэр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен нар ЭМАШТҮ-ний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ялангуяа орон нутагт ажиллагсдыг тогтвор суурьшилтай ажиллах, амьдрах орчин бүрдүүлэх, урамшууллын оновчтой тогтолцоог бий болгох, төвийн барилга, дэд бүтцийг анхаарч орчинг сайжруулах зэрэгт бодлогоор дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Хэлэлцүүлэгт оролцогсод ӨЭМТ-ийн статус, НЭМТҮ –ний санхүүжилт, барилга дэд бүтэц, тусламжийн санхүүжилт, эмийн эргэлтийн сан зэрэгтэй холбогдсон тулгамдсан асуудал, түүний шийдэл, төлөвлөлтийн талаар асууж, тодорхой мэдээллийг холбогдох талууд өгч, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.




 

Холбоотой мэдээ, мэдээлэл