Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан “Мэдээллийн өдөрлөг”-ийг зохион байгуулж байна

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан “Мэдээллийн өдөрлөг”-ийг зохион байгуулж байна


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм хамт олонд тулгуурлан сэргээн засах “Тэгш дүүрэн“ хөтөлбөр Сэлэнгэ аймагт 2010 оноос эхлэн хэрэгжиж, олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байгаагийн нэг нь Эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлэг хамтран сум, тосгодоос ирж Хөдөлмөр магадлах комиссын хурлаар орж буй иргэдэд зориулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулах, тэдэнд чиглэсэн мэдээ мэдээллийг өгөх зорилгоор 7 хоног бүрийн мягмар гаригт “Мэдээллийн өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Тухайн цаг үетэй холбогдуулан мэдээллийг 1-р сард “Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл мэнд”, 2-р сард ”Эрүүл сэтгэж зөв амьдарцгаая”, 3-р сард “Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалья” сэдвийн дор зохион байгуулж, нийт 980-аад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамрууллаа. Өдөрлөгийн хүрээнд Сэлэнгэ аймагт хэрэгжиж буй “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн танилцуулга, ХБИ-ийн эрүүл мэнд, амьдралаа сайжруулах үйл ажиллагаа, хамтын хөдөлмөр эрхлэлт ,иргэдийн хууль эрхийн талаарх мэдээлэл, өдөр бүр хийж хэвшүүлэх дасгал хөдөлгөөн, эрүүл урт наслах зөвлөмж, нийгмийн даатгалын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг сэдвүүдээс 2-3 мэдээллийг сонгон 20-30 минутанд багтаан ЭМГ-ын мэргэжилтэн, Тэгш дүүрэн хорооны гишүүд, сэргээн засах болон мэдрэлийн их эмч, нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд өгч, харилцан санал солилцов. Мөн Тэгш дүүрэн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй жижиг төсөлд хамрагдах арга аргачлалыг зааж, улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр зохион байгуулагдаж буй үйл ажиллагаа, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн аж байдлыг харуулсан “Бид нэг тэнгэртэй” богино хэмжээний баримтат кино, томуу томуу төст өвчнөөс сэргийлэх богино хэмжээний кино зэргийг үзүүлсэн нь тэдний сонирхлыг татаж таашаалд нийцсэн ажил болсон. Өдөрлөгт оролцогчдод томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор халуун аарцаар үйлчилж, Тэгш дүүрэн сонин, хөдөлгөөний хомсдол, үе мөчний далайцын дасгал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүлд өгөх зөвлөмж зэрэг эрүүл мэндийн сургалт сурталчилгааны гарын авлагыг олшруулж тараасан. 2-р улиралд “Хараа болон сонсголоо хамгаалцгаая”, “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлье”, “Юмханаар хэрэгцээт зүйл хийцгээе” зэрэг сэдвийн дор мэдээллийн өдөрлөгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр харилцан ярилцаж, тулгамдаж буй асуудлын талаар санал хүсэлтийн дэвтэр аялуулж дүгнэхэд гол асуудал нь ажилгүйдэл, гэр орныхон ах дүү төрөл төрөгсөд нь ажлын байргүй учир тэдэнд дэмжлэг дутагддаг талаар олон хүн саналаа бичээд,

  1. Өрхийн амьжиргааг дээшлүүлэх төрөл бүрийн сургалтанд хамрагдах
  2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг олноор бий болгох
  3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орон нутгийн хоорондын автобусны билеттэй болгох
  4. Нийтийн үйлчилгээний байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам талбай, шатыг засаж сайжруулах
  5. Сумын Тэгш дүүрэн хөтөлбөрийн салбар хороод орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан арга хэмжээг зохион байгуулж байх
  6. Зээл тусламж болон эрүүл мэндийн сургалт сурталчилгааг алслагдсан сумын ард иргэдэд өгч байх зэрэг асуудлуудад анхаарч ажиллах тухай хүсэлт гаргасан байсан

Холбогдох байгууллага аж ахуй нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм хамт олонд тулгуурлан сэргээн засах чиглэлээр дээрх дэвшүүлж буй санал хүсэлттэй холбоотойгоор үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана гэдэгт найдаж байна.

Өвчин гэдэг хэлж ирэх биш дээ. Төрөл бүрийн осол, гэмтэл нэмэгдэх хандлагатай байгаа өнөө үед хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо яаж өөрчлөгдөхийг бид хэлж мэдэхгүй. Тиймээс адилхан хүмүүн заяаг олж төрсөн нэгнийгээ хайрлан дээдэлж, хөгжлийн бэрхшээлийг хамт олон, хайраар тэтгэцгээе.

Сэлэнгэ аймгийн “Тэгш дүүрэн” төслийн баг

Холбоотой мэдээ, мэдээлэл