Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго

Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго


Засгийн газрын 2014 оны 402 дугаар тогтоолын 15 дугаар хавсралт

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Оршил

Эрүүл мэнд, спортын яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-т Эрүүл мэнд, спортын сайд (цаашид “сайд” гэх)-ын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэчлэл, стратеги болон бодлого боловсруулж төлөвлөх, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах, салбарын мэдээллийг хариуцаж, хэрэглэгчийг мэдээллээр хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, дотоодын хяналт шалгалт, аудит хийх асуудлыг хамарсан үйл ажиллагааны болон бүтцийн загварыг тодорхойлоход оршино.

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор баталсан Эрүүл мэнд, спортын яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3. Хууль тогтоомжийн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

  • Монгол Улсын Үндсэн хууль;
  • Засгийн газрын тухай хууль;
  • Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
  • Төсвийн тухай хууль;
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
  • Эрүүл мэндийн тухай багц хуулиуд;
  • Биеийн тамир, спортын тухай хууль;
  • Үндэсний их баяр наадмын тухай хууль;
  • Бусад хууль тогтоомж.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад засаглал болон өөрчлөлтийн удирдлага, байгууллагын өөрчлөлтийн онол, арга зүй, олон улсын туршлага, өмнөх хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлсэн туршлага, сургамжид үндэслэн, хөтөлбөр боловсруулах ажилд оролцооны аргыг ашиглалаа. Мөн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал, тэргүүлэх чиглэл, стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилт, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үндсэн чиг үүргийг тодорхойлоход хэрэглэдэг арга зүйг ашиглав.

1.5. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь Засгийн газрын үйл ажиллагааны эрүүл мэнд, биеийн тамир, спортын талаарх бодлого, зорилтыг хэрэгжүүлж сайд, Засгийн газрын танхимд бүх талын дэмжлэг үзүүлж, Засгийн газрын эрүүл мэнд, биеийн тамир, спортын зөвлөхийн үүрэг, хариуцлага хүлээнэ.

Тус яам нь салбарын бодлого, төлөвлөлт болон бодлогын хэрэгжилт, түүний үр дүн, төсвийн зарцуулалтын харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн цар хүрээтэй хандаж, эрүүл мэнд, спортын салбарыг зөв зохистой бодлого зохицуулалтаар удирдана.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын үндсэн хэрэглэгч

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэглэгчийг дор дурдсанаар бүлэглэн тодорхойлов. Эрүүл мэнд, спортын яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд, Засгийн газар (танхим) байна. Яамны бодлого, стратегийн удирдлага зохицуулалт нь дээр дурдсан хэрэглэгчид, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги

2.1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарын төрөлжсөн стратеги, бодлогын зорилтууд, сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж, сайдын үйл ажиллагаанд цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхэд оршино.

2.2. Тэргүүлэх чиглэл

Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.2.1. монгол хүний эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, энэ талаарх Мянганы хөгжлийн зорилтыг хангах;

2.2.2. иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцооны өөрчлөлтийг хийж, уг бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх;

2.2.3. эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ орлого хийлгэх багатай иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулахад дэмжлэг үзүүлэх;

2.2.4. импортын болон дотоодын үйлдвэрлэлийн эмийн болон хүнсний аюулгүй байдлыг хангах шинэчлэлийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;

2.2.5. биеийн тамир, спортын хүртээмжтэй, олон талт үйлчилгээг нийгэмд хүргэж чадахуйц өрсөлдөх чадвар бүхий тогтвортой, хариуцлагатай, үр ашигтай үндэсний биеийн тамирын үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх, бэхжүүлэх.

2.3. Эрхэм зорилго

Яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь шударга өрсөлдөөн, сонголтод суурилсан, аюулгүй, чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг иргэн бүрт олгох, спортын салбарын хөгжлийг олон улсын түвшинд ойртуулах нөхцөлийг бүрдүүлэх явдал мөн.

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

2.4.1. эрүүл мэнд, спортын талаарх хууль тогтоомж, бодлого, дунд хугацааны стратеги, хөтөлбөр, төслийг эдийн засаг, санхүүгийн үндэслэл, тооцоотой боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг боловсруулах, хэрэгжүүлэх;

2.4.2. эмнэлгийн тусламж, нийгмийн эрүүл мэнд, эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.4.3. нийтийн биеийн тамир, спортын талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, спортын арга хэмжээг уялдуулан зохицуулах;

2.4.4. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

2.4.5. хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, дотоодын хяналт шалгалт, үйл ажиллагааны болон санхүүгийн аудит хийх, хэрэглэгчийг судалгаа, мэдээллээр хангах.

2.5. Үйл ажиллагааны гол зорилт

Яам нь дээрх стратегийн зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.1.1. эрүүл мэндийн салбарын болон нийтийн биеийн тамир спортын чиглэлээрх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.2. нийтийн биеийн тамир, спортын салбарын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.3. эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөгжлийг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.4. эрүүл мэндийн эдийн засаг, санхүүжилтийн бодлого, удирдлагаар хангах, төсвийн ерөнхий захирагчийн төсвийг төлөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг эрхлэх, түүний ил тод байдлыг хангах.

2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.5.2.1. нийгмийн эрүүл мэндийн талаарх төрөөс баримтлах бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх, зонхилон тохиолдох халдварт, халдварт бус өвчлөлийг бууруулах болон эрүүл ахуй, халдвар судлалын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.2.2. эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

2.5.2.3. эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тогтоомж болон техникийн үйлдвэрлэл, хангамж, эмийн үндэсний бодлого, түүний дотор импортын эмийн аюулгүй байдлыг хангах шинэчлэлийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.5.3.1. нийтийн биеийн тамир, спортын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.5.3.2. нийтийн биеийн тамир, спортын байгууллагуудын зохион байгуулалт, менежментийг сайжруулах, улсын болон олон улсын хэмжээнд зохион байгуулагдах биеийн тамир, спортын тэмцээн, арга хэмжээг холбогдох байгууллагатай уялдуулан зохион байгуулах, зохицуулах;

2.5.3.3. нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүний эрүүл, идэвхтэй амьдрах орчинг бүрдүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулах, зохицуулах, энэ чиглэлээр нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, дэмжлэг үзүүлэх.

2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.4.1. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, аппаратын хүний нөөц эрхлэх, яамны үйл ажиллагааг хэвийн явуулах орчинг бүрдүүлэх, шийдвэр гаргахад эрх зүйн дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах;

2.5.4.2. салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх;

2.5.4.3. гадаад хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбарын бодлого, чиглэлтэй уялдуулан хөгжүүлэх, зохицуулах.

2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

2.5.5.1. эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, эрүүл мэндийн тогтолцооны болон анагаах ухааны судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2.5.5.2. эрүүл мэндийн бодлого, стратеги, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх;

2.5.5.3. холбогдох хуульд заасны дагуу дотоодын хяналт шалгалт, үйл ажиллагааны болон санхүүгийн аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах.

2.6. Үйл ажиллагааны зорилт

Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.

2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна. Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратегийн загвар

Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

 

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримталсан зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримталсан:

3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдааг хангах, чадварлаг байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагаа тодорхой илэрхийлэгдэж байх, тухайлбал, яамны бүтэц, нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах);

3.1.6. улс төржихгүй байх зарчим (тухайн яамны албан хаагчид эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);

3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд бодитой, үр өгөөжтэй байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загвартай байна:

Эрүүл мэнд, спортын яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцооны ерөнхий загвар

 

3.3. Зохион байгуулалтын бүтэц

Эрүүл мэнд, спортын яамны үйл ажиллагааны стратеги болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дор дурдсанаар тодорхойлж байна:

3.3.1. стратегийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд эрүүл мэнд, спортын талаарх хууль тогтоомж, бодлого, дунд хугацааны стратеги, хөтөлбөр, төслийг эдийн засаг, санхүүгийн үндэслэл, тооцоотой боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг боловсруулах, хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, эрүүл мэндийн салбарын болон нийтийн биеийн тамир спортын чиглэлээрх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, нийтийн биеийн тамир, спортын салбарын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөгжлийг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах, эрүүл мэндийн эдийн засаг, санхүүжилтийн бодлого, удирдлагаар хангах, төсвийн ерөнхий захирагчийн төсвийг төлөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг эрхлэх, түүний ил тод байдлыг хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд санхүү, эдийн засгийн нэгж ажиллана.

Энэ нэгж нь эрүүл мэнд, спортын салбарын бодлогыг эдийн засаг, санхүү, эрх зүй, тогтолцооны түвшинд шинжлэн судалж, бодлогын хувилбарууд боловсруулж, бодлогын шинжилгээ хийх, эрүүл мэндийн бодлого, тэргүүлэх чиглэлийг дэмжсэн санхүүжилтийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх арга замыг судлах, энэ хүрээнд бодлого, стратеги боловсруулах шилдэг арга зүйг ашиглаж, хууль тогтоомж, стандартад заасан чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана. Энэ нь Эрүүл мэнд, спортын сайдад эрүүл мэнд, спортын салбарын шинэчлэлийн бодлогыг санхүү, эдийн засаг, эрх зүйн болон тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Засгийн газрын танхим, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн төсвийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл, мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хөдөлмөрийн яам болон бусад төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, эрүүл мэндийн олон улсын байгууллага болон төрийн бус байгууллага байна.

3.3.2. эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд эмнэлгийн тусламж, нийгмийн эрүүл мэнд, эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, нийгмийн эрүүл мэндийн талаарх төрөөс баримтлах бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх, зонхилон тохиолдох халдварт, халдварт бус өвчлөлийг бууруулах болон эрүүл ахуй, халдвар судлалын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тогтоомж болон техникийн үйлдвэрлэл, хангамж, эмийн үндэсний бодлого, түүний дотор импортын эмийн аюулгүй байдлыг хангах шинэчлэлийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь монгол хүний эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, чанартай эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн нэгж, эмнэлгийн тусламжийн нэгж, эм, эмнэлгийн хэрэгслийн нэгж ажиллана.

Энэ нэгж нь эрүүл мэндийн талаарх багц хууль, төрөлжсөн бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, тэдгээрийн хэрэгжилтийг зохицуулж, эрүүл мэндийг дэмжих, эрүүл бус зан үйлийг өөрчлөх чиглэлээр хийх мэдээлэл, сургалт, сурталчилгааг нэгтгэн зохицуулж, орчны эрүүл мэндийг хөгжүүлэх зэрэг бүхий чиглэлд нөөцийг дайчлах, оновчтой хуваарилах замаар бодлогын хэрэгжилтэд оролцож байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага, төрийн бус байгууллагатай түншлэлийн харилцаа тогтоож, бүхий л ажлын төрөлжсөн төлөвлөгөөтэй ажиллаж хэрэгжилтийг сайд, яамны удирдлагын өмнө хариуцна. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, эмнэлгүүдийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, оношилгоо, эмчилгээний чанарыг бэхжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, түүнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан залуус зэрэг зорилтот бүлгүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргээмжтэй, чанартай үзүүлэх, нийтийг хамарсан гамшиг, онцгой байдал, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн эрүүл мэндийн тусламжийг зохион байгуулах бодлогын хэрэгжилтийг зохицуулна.

Мөн эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах, эм хангамжийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг тасралтгүй, жигд хүртээмжтэй байлгахад чиглэсэн арга хэмжээг оновчтой зохион байгуулах, оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эмийн аюулгүй байдал, чанарын баталгааг хангах, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, импорт, нийлүүлэлт, хадгалалт, түгээлтийн аюулгүй байдлыг хангах шинэчлэлийг хэрэгжүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нь бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, хэрэглэгчид болон бусад байгууллагыг эмийн талаар үнэн зөв мэдээллээр шуурхай хангах, мансууруулах, сэтгэц нөлөөт эмийн эргэлт, импортын эмийг олон улсын конвенци, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулах замаар хэрэгжинэ.

Энэ нэгж нь үндсэн үүрэг, чиг үүргийн хүрээнд сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох бүх байгууллагад удирдлага, зохион байгуулалт, мэргэжлийн бүх талын зөвлөгөө дэмжлэг үзүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, аймаг, нийслэлийн удирдлага, түүний эрүүл мэндийн асуудал хариуцсан нэгж, бодлогын хэрэгжилтэд оролцож байгаа эрүүл мэндийн төсөвт болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Хууль зүйн яам болон бусад төрийн захиргааны төв байгууллага, хяналт, гааль, худалдааны асуудал хариуцсан байгууллагууд, олон улсын байгууллага болон төрийн бус байгууллага, анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, эм үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгж байна.

3.3.3. биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд нийтийн биеийн тамир, спортын талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, спортын арга хэмжээг уялдуулан зохицуулах үндсэн үүрэг хүлээж, нийтийн биеийн тамир, спортын талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, нийтийн биеийн тамир, спортын байгууллагуудын зохион байгуулалт, менежментийг сайжруулах, улсын болон олон улсын хэмжээнд зохион байгуулагдах биеийн тамир, спортын тэмцээн, арга хэмжээг холбогдох байгууллагатай уялдуулан зохион байгуулах, зохицуулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүний эрүүл, идэвхтэй амьдрах орчинг бүрдүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулах, зохицуулах, энэ чиглэлээр нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын бодлогын хэрэгжилтийг хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдад мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Мөн улс, бүсийн хэмжээнд зохион байгуулах биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулах, уялдуулан зохицуулах, манай оронд зохион байгуулагдах тив, бүсийн чанартай олон улсын уралдаан, тэмцээнийг спортын холбоодтой хамтран зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэхэд сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлж, мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, биеийн тамир, спортын байгууллага, нутгийн захиргааны байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн өөрөө удирдах байгууллага, төсөвт байгууллага, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь нутгийн захиргааны байгууллагууд, Монголын үндэсний олимпын хороо, холбогдох мэргэжлийн холбоод, клубууд байна.

3.3.4. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, аппаратын хүний нөөц эрхлэх, яамны үйл ажиллагааг хэвийн явуулах орчинг бүрдүүлэх, шийдвэр гаргахад эрх зүйн дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх, гадаад хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбарын бодлого, чиглэлтэй уялдуулан хөгжүүлэх, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны төлөвлөлт, түүнийг зохион байгуулах ажлыг хариуцан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хууль тогтоомжийн хэрэгжилт болон албан хэрэг хөтлөх, яамны үйл ажиллагааны нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах, бичиг хэрэг хөтлөх, өргөдөл гомдол бүртгэх, зохицуулах, аливаа шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянаж баталгаажуулах замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангаж, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, ажилтнуудад эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэ нэгж цомхон чадварлаг албан хаагч бүхий мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг бүрдүүлэх, чадавхийг сайжруулах, тэдний ажлын үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж, дүгнэх, тэднийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй.

Энэ нэгж нь хариуцсан асуудлаар сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, ажилтнуудад зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлэх замаар яамны үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх үүрэг хүлээнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, эрүүл мэндийн төсөвт болон хувийн хэвшлийн байгууллага, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь чиг үүргийн яамд, Төрийн албаны зөвлөл, бусад төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн эрүүл мэндийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага байна.

3.3.5. хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудит хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг.

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, дотоодын хяналт, шалгалт, үйл ажиллагааны болон санхүүгийн аудит хийх, хэрэглэгчийг судалгаа, мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж, эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, эрүүл мэндийн тогтолцооны болон анагаах ухааны судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эрүүл мэндийн бодлого, стратеги, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, холбогдох хуульд заасны дагуу дотоодын хяналт шалгалт, үйл ажиллагааны болон санхүүгийн аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгж салбарын мэдээллийг хариуцаж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоодын хяналт шалгалт, үйл ажиллагааны болон санхүүгийн аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүргээ хэрэгжүүлэх замаар сайд, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, бодлого боловсруулах, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, бодлогын хэрэгжилтийг шуурхай, оновчтой зохицуулах, санхүүжилтийн үр дүнг тооцох, засч өөрчлөх, аливаа удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Энэ нэгж үндсэн үүрэг, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомж, стандартыг мөрдөхийн зэрэгцээ, олон улсад болон өөрийн орны дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, зарчим, онол, арга зүйг хэрэглэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн бус байгууллага, иргэд байх бөгөөд энэ үйлчилгээг шууд бус хэрэглэгч нь эрүүл мэндийн төсөвт болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон бусад төрийн захиргааны төв байгууллага, анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага байна.