Ёс зүйн хороо

Ёс зүйн хороо


ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны цахим хуудсаар зочилж буй эрхэм Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

ЭМЯ-ны дэргэдэх  Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулагддаг, хөндлөнгийн хяналтын чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага бөгөөд хорооны үйл ажиллагааны гол зорилго нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, улмаар хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад  оршдог.

Мэргэжлийн онцлогтой холбоотойгоор тухайн мэргэжлийн хүмүүсийн дагаж мөрдөх ёс зүйн зарчмуудыг тусгасан дүрэм, хэм хэмжээнүүд байдгийн нэг нь Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ юм.

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ нь дараахь үндсэн зарчимд тулгуурладаг.

Үүнд:

-  Эмнэлгийн мэргэжилтэн, үйлчүүлэгчийн хоорондын харилцаа нь тэдний харилцан итгэлцэл, хүндэтгэл дээр тулгуурлах,

-  Эмнэлгийн мэргэжилтнүүд бие биенээ хүндэтгэн, хамтран ажиллах, ур чадварын хувьд чөлөөт шударгаар өрсөлдөх,

-  Нийт хүн амын эрүүл энх, сайн сайхны төлөө хувь хүн, гэр бүл, төрийн болон төрийн бус байгууллагууд зэрэг бүх талуудтай хамтран ажиллах.

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой асуудалд хяналт тавьж, шийдвэр гаргах дээд байгууллага бөгөөд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дэргэд салбар хороод; бүсийн оношлогоо, эмчилгээний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газрын дэргэд Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хороод ажиллаж байна.

Эмнэлгийн мэргэжилтнүүд, олон нийт Та бүхэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой хууль эрх зүйн акт, холбогдох мэдээллүүдийг энэхүү вэб хуудаснаас үзэх боломжтой. Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой асуудлаар зөвлөгөө авахыг хүсвэл ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо болон салбар хороодод хандана уу.

Сайн үйлс бүхэн дэлгэртүгэй.

 

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА

Б.САРАНЦЭЦЭГ